ТЭГИМЛИГ
ТАМГАТЫН ТҮҮХ
Mонголын Эзэнт гүрний үеэс дэлхийн чөлөөт худалдааны сүлжээ урьд байгаагүй өргөн хүрээнд тэлж, Хархорум, Хаанбалгас, Шанду, Сарай, Шинэ Сарай, Алмалиг, Самарканд, Бухара, Мараге, Торис, Султание зэрэг хотууд шинжлэх ухаан, уран барилга, урлаг соёлын шинэ түрлэгийг дорноос өрнөдөд өртөөлсөн түүхтэй.
“Эрдэмтдэд номын сан, одон орончдод оргил хүрээлэн, худалдаачдад мухлаг, урчуудад урлан байгуулах” Монгол хаадын бодлогоор шавар, шаазан, шилэн болон төмөрлөгийн урлалд дүрс чимэглэл, хэв загвар, хийц маяг үлэмж баяжин, цаг үеийнхээ дэвшилтэт дэг сургуулийг бүтээжээ.
Тухайлан Монголын Эзэнт гүрний Ил хаадын ивээл дор шавар, шаазан урлалд монгол хээ угалз, тэгш хэмт дүрс чимэг, дан өнгийн болон гялалздаггүй зөөлөн паалан нэвтэрсэн төдийгүй уран бичлэг, хагас товгор хэвэнд цутгасан чимэглэл, шүршиж пааландах арга барил улам боловсронгуй болжээ. Мөн дүрслэх урлагт хоригтой байсан олон газар орны шаазан, шавар урлалд хүн, амьтан, домгийн амьтны дүрслэл, алтан шар өнгө, мөнх тэнгэрийн хөх өнгө анхлан буув.
Монголын Их Юань Улсын шавар, шаазан урлалын арга барил Ил Хаант Улсын чимэглэлийн өнгө, дэг сургуультай сүлэлдэн улмаар Цагадайн Улс, Алтан Орд Улсад нэвтэрсэн үеийг шавар, шаазан урлалын “Алтан үе” хэмээнэ.
Чингис хааны ач хөвүүн, Монголын Их Юань Улсын анхны хаан Хубилайн ивээл дор шаазан урлалын төвүүд олноор байгуулагдан, энэ урлалын түүхэнд “Юань Улсын хөх-цагаан шаазан” хэмээх шинэ хуудас нээгдсэн билээ.
Уран нарийн хийцтэй, дээд зэрэглэлийн шаазан нь Их хааны орд өргөөний эдлэл төдийгүй төрийн ёслолын үеэр язгууртнуудад барьдаг тансаг бэлэг, Ази, Европ тив дамнасан элчин харилцааны хүндэтгэлийн нэг болжээ.
Ийнхүү Монголчууд дэлхийн шавар, шаазан урлалын хөгжлийг шинэ түвшинд хүргэснийг ТАСАМ олон улсын судалгааны баг дэлхийн 60 орчим улсад явуулсан хорь гаруй жилийн эрэл хайгуулын үр дүн болох “Монголын Эзэнт гүрний соёрхолт өв” дижитал архивтаа үндэслэн ТЭГИМЛИГ тамгатыг бүтээн нэгэн түүхийг эхлүүлвэй.
Өндөр дээдсийн ерөөлтэй болтугай!